elesson’s Blog


Web 2.0 гэж юу вэ

Posted in News,Technology by qlmb on May 11, 2009

Сүүлийн үед хүн бүхний хэрэглээ болсон Web 2.0 гэж юу вэ гэдгийг өөрийн өнцгөөс тайлбарлах гэж оролдьё. Юуны өмнө 2.0 гэж байгаа болохоор өмнөх хувилбар нь байх ёстой, мөн дараагийн хувилбар нь ч байх л болно. Ийм шалтгаанаар энэ бичлэгээ Web 1.0, 2.0, 3.0 гэж нэрлэлээ.
Web 2.0 гэдэг нэршил нь 2004 онд O’Reilly-ийн нэгэн ярилцлага дээрээс анх үүссэн юм байна. Тухайн үедээ веб бол хөрс гэсэн санаагаар ярьж, веб гэдэг зүйлд чанарын өөрчлөлт гарч шинэ шат ахисныг онцлох үүднээс Web 2.0 гэсэн хэллэгийг
хэрэглэсэн бололтой. Харин Web 1.0, Web 3.0 гэсэн нэршлүүдийг Web 2.0 гэдэгтэй уялдуулан ярьж эхэлжээ.
Веб толилуур болоод маркап хэл
(энэ хэсгийг компани дээрээ хийж
байсан семинараас хэсэглэн авав)


Вебийн хэл болох HTML болоод түүнийг харах толилуур гарч ирсэн нь програмчин хүмүүсийн хувьд хувьсгал байлаа. HTML нь анх 1993 онд IETF гэдэг байгууллагаар батлагдахаас өмнө, түүнтэй төстэй SGML(Standard Generalized Markup Language) хэмээх баримт бичгийн формат тодорхойлох мета хэлийг 1986 онд IBM ийн нөхдүүд сэдэж, ISO оор стандартчилагдсан байсан юм байна. Түүнээс ч өмнө 1960-аад оны үед мөн л IBM-ийнхэн GML(Generalized Markup Language) гэдэг маркап хэлийг зохиосон нь үндэс суурь нь байжээ. Өнөөдөр хаа сайгүй хэрэглэх болсон XML нь SGML-ийг хялбаршуулсанаар бий болсон юм. Ингэхээр Вебийн хэл болох HTML болон XML нь бүр эртнээс бүрэлдсэн байна. Харин анхны толилуурыг 1990 онд Tim Berners-Lee гэдэг програмчин хийжээ. Тэр үед HTML гэж байгаагүйг бодоход ямар нэг маркап хэл л ашиглаж байсан болов уу. Гэхдээ энэ толилуур нь зөвхөн текст мэдээлэл харуулдаг байж. Ингээд анхны толилуур хийгдсэний дараа бусад толилуурууд ч ар араасаа гарч, энд тэнд Веб хуудсууд ч борооны дараах мөөг шиг бий болж эхэлжээ. Ингээд удалгүй 1993 онд анхны зурагтай хуудас үзэх боломжтой Mosaic толилуур хийгдсэн байна. Microsoft-ийн Internet Explorer-нь Mosaic дээр суурилсан тул, IE-ийн About цонхыг нээгээд харвал Mosaic -гэсэн үг байж байх ёстой. Дараагийн шатны толилуур бол нэгэн зэрэг олон холболт үүсгэх чадвартай, Javascript-гэдэг өөрийн гэсэн скрипт хэлтэй Netscape толилуур байв. Нэгэн зэрэг олон холболт үүсгэнэ гэдэг нь, тухайлбайл, та толилуур дээрээ вэб үзэхэд тэкстүүд нь гарч ирчихээд байхад зурагнууд нь дараагаар нь нэг нэгээрээ нээгдэж байдаг шүү дээ. Учир нь толилуур чинь текстэн агуулгаа нэг холболтоор татаж авчихаад, зурагнуудыг өөр өөр холболтоор нэгэн зэрэг татаж байна гэсэн үг юм. Ингээд толилууруудын өрсөлдөөн эхэлжээ. Эхлээд талбар дээр IE, Netscape хоёр байсан бол дараа нь Opera, Mozilla, Konqueror гээд өчнөөнөөрөө гарч ирчээ. IE ерөнхийдөө ялж байсан бол одоо Firefox, IE хоёр л үзэж байх шиг байна. Ингээд веб гэдэг түмний хэрэглээ болоод ирэхийн сацуу Javascript, CSS, DHTML гэх мэт технологиуд хөгжиж толилуур дээр динамик хуудас харах боломжтой болжээ.(Гэхдээ л саяхныг хүртэл IE, Netscape хоёр дээр адилхан ажилладаг Javascript ч юмуу, ижилхэн харагддаг CSS бичнэ гэдэг хүндхэн ажил байлаа. Сүүлийн үеээс л толилуурууд ерөнхийдөө нас биенд хүрч, мөн тэдгээр технологийн стандартууд нь ч сайжирсны үр дүнд харьцангуй амар болсон.)

Ингээд минийхээр бол Вебийн стандартууд сайтар боловсруулагдаж, толилуурууд дээр Javascript төвөггүй ажиллах болсныг хүртэлх болбоос Веб 1.0 бөлгөө.

Ажакс ба Ардчилал

Ажакс нь Javascript-ийн тусламжтайгаар толилуур өөрөө өгөгдлийг дамжуулах арга юм. Ингэснээр вэб хуудас маань жирийн апликэшн програм шиг л харагдана. Текст боловсруулагч, хүснэгт боловсруулагч, мэйл уншигч, бүр зураг зурдаг програмаас авахуулаад бүхэл бүтэн үйлдлийн системийг хүртэл вэбчилэх оролдлогууд хийгджээ. Цаашид ч улам сайжирч жирийн үйлдлийн системээс ялгагдахгүй болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ бүх нийтийг хамарсан өдөр хурдтай үнэгүй интэрнэт бий болж байж вэб үйлдлийн систем хөгжих тэгш нөхцөл нь бүрдэх болов уу. Ажакс гэдэг нь HTML гэдэг шиг шинэ технологи биш юм, өмнө байсан технологиудыг ашиглаад шийдэл гаргасан хэрэг. Өгөгдлийг XML-ээр бүтэцжүүлж сэрвис хооронд дамжуулах Web service-ийн санааг аваад, толилуур дээр Javascript-ийн тусламжтай хэрэгжүүлчихсэн гэж ойлгож бараг болох байх. Технологи талаасаа бол гол амин сүнс нь Javascript-ийн XML-дамжуулах хүлээж авах функц гэхэд багадсан хэрэг болохгүй л болов уу.

Гэхдээ өмнө нь сэрвэртэй янз бүрийн хэлбэрээр харилцдаг клиент технологиуд зөндөө л байсан шүү дээ, жишээ нь: жава аплэт, флаш скрипт гэх мэт, гэтэл эд нар яагаад Вэб 2.0 байж болоогүй юм бол?
Вэб 2.0 гэдэг маань зөвхөн технологи биш юм. Шилдэг шийдэл, гялалзсан санаанууд дээр тулгуурласан вэб апликэшнүүд, түүнийг тойрсон шудрага найрсаг зарчимтай нийтийн сүлжээ, тэдгээр апликэшнүүд болон сүлжээнүүдийн хоорондох үл харагдах атлаа мэдрэгдэм харилцаа холбоо нь вэбийн хэрэглээг огцом нэмэгдүүлж хүмүүсийн амьдралд нэвтрэхэд нөлөөлжээ.

Ингээд вэб гэдэг зүйл технологийн шилдэг шийдлүүд дээр тулгуурлаж, ардчилсан нээлттэй зарчим, гялалзсан санаа, зөв маркетингаар хүмүүсийн хүрээллүүдийг бий болгож чадсаныг Вэб 2.0 гэж ойлгож байна.

Дараагийн хувилбар буюу Оюунлаг вэб

Цаашаа Вэб яаж хөгжих бол? Веб маань улам оюунлаг болно гэсэн санаа. Тухайлбал хиймэл оюун ухаан, Data mining-ийг жинхэнэ утгаар хэрэгжүүлж зураг дүрс дуу гэх мэт медиа хэлбэрийн агуулгаас хайлт хийх, боловсруулалт хийх, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, тэр нь бидний өдөр тутмын амьдралд тусгалаа олох юм.

Эхний оролдлогууд нь хэдийнээ хийгдээд эхэлчихсэн байгааг үзэж болно. Тухайлбал гүүглийн хувийн хайлт(Personalized Search) таны өмнө хайсан зүйлсийг чинь хадгалчдаг, ингээд дараа дараагийн хайлтуудыг хийхдээ өмнө нь юу хайж байсныг чинь харж байгаад алийг үзүүлэх вэ гэдгээ “бодох” гэж байхгүй юу. Мөн зураг хайдаг үйлчилгээгээ хүмүүсийн тусламжтайгаар индэксжүүлж байгаа юм байна лээ. Ирээдүйд эдгээрийг хүн биш машин таниж чаддаг болчих юм бол жинхэнэ “боддог” вэб болох юм. Цаашилбал мэдээлэлд дүн шинжилгээ хийж шийдвэр гаргахад тусладаг Google Analytics гэмээх үйлчилгээ таны вэб рүү орсон гарсан хүний тоо, тухайн хүн юу сонирхож, хаанаас хэдийд орж ирсэн гэх мэт мэдээллийг нүдэнд харагдахуйцаар онлайн шинжилгээ хийж харуулдаг. Иймэрхүү шинжилгээ нь цаашлаад бүр өргөн цар хүрээтэй болж ирэх болов уу. Гэхдээ асар их өгөгдөлөөс дүгнэлт гаргах нь тооцоолол их шаарддаг учраас компьютэрийн тооцооллын хурд хүч дараагийн шатандаа хүрэх үед бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Ингээд оюунлаг вэб бидэнд туслаж эхлэх үе болбоос Веб 3.0 хувилбар гэж төсөөлж байна.

Үг хэллэг:

  • толилуур = browser
  • хөрс = platform

Холбоос:

Бичсэн:

Мэдээллийн эх сурвалж: http://dusal.blogmn.net/18922/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: